НҮҮР
Мэдээ мэдээлэл
Техник технологи

Шинээр цахилгаан станцууд барих асуудлыг шийдвэрлэлээ


Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар бүтээн байгуулалттай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна. Үүн дотор олон жил хүлээгдсэн, эдийн засгийн ач холбогдолтой хэд хэдэн станцын асуудлыг хөндөж, зарим нэгийнх нь хөрөнгийг шийдвэрлэсэн байна.

Эгийн голын усан цахилгаан станц төслийн санхүүжилтийг шийдлээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээ эхлүүлэх нь зүйтэй гэж тогтлоо.

Засгийн газар Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эгийн голын усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулах шийдвэрийг 2013 онд гаргасан. Эгийн голын усан цахилгаан станц нь Төвийн эрчим хүчний системийн тохируулга хийх, зардал бууруулах, импортын эрчим хүчний хараат байдлаас гарах, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах зорилготой төсөл юм.

Төслийн ТЭЗҮ-ийг Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд төслийн нийт өртөг 827 сая ам.доллар гэж тооцоолжээ.

Эгийн голын Усан цахилгаан станц Улаанбаатар хотоос авто замаар 450 км гаруй зайд Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчрээс дээш 2.5 км зайд Эгийн гол дээр барьж байгуулагдана. Суурилагдах хүчин чадал 315 МВт, жилд дунджаар 606 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэх бөгөөд 5.7 тэрбум м3 эзэлхүүнтэй цэвэр усны сан үүсэх юм.

Эрдэнэбүрэнд усан цахилгаан станц барина

Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, тус бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангах зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа. Усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг 2015 онд багтаан шинэчлэн боловсруулахад шаардагдах хөрөнгийг 2015 оны төсвийн тухай хуулиар Эрчим хүчний сайдын багцад орсон “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал”-аас санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгалаа. Мөн 2016 оны хоёрдугаар улиралд багтаан усан цахилгаан станц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өнөөдрийн байдлаар баруун бүсийн эрчим хүчний системд Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн төв, 46 сум, 11 багийн төвийг ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний систем, Дөргөний усан цахилгаан станц болон БНХАУ-аас цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна. Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2013 онд 127.1 сая кВтцаг байснаас нийт хэрэглээний 28.6 хувийгг Дөргөний усан цахилгаан станцаас үйлдвэрлэж, үлдсэнийг ОХУ, БНХАУ-аас импортолж хангасан байна. Сүүлийн жилүүдэд тус бүсийн эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-10 гаруй хувиар өсч байна.

Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц баригдана

“Багануурын цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээг “Багануур Пауэр” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулахыг Хөрөнгө оруулалтын газрын даргад зөвшөөрлөө.

Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хэрэглээний шинжилгээгээр Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааны төлөвлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай байгаа юм. Цахилгаан станцын барилга угсралтын ажил 4 жил, ашиглалтын хугацаа 21 жил байхаар гэрээнд тусгажээ.

Концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нүүрс, ус хангамж, үнс зайлуулах, цахилгаан сүлжээнд холбох, төмөр зам, авто зам, бусад барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хянан баталгаажуулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Уул уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарт даалгасан байна.


Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд