“Үнийг үе шаттай нэмэгдүүлнэ”


-Цахилгаан үйлдвэрлэгч станцууд байнга алдагдалтай ажиллаж байгаа тул эрчим хүчний үнэ ханшийг үе шаттайгаар нэмэхээс аргагүйг салбарын сайд онцолж байлаа-

“Сайдын цаг” нээлттэй уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож  салбарын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил,  цаашдын төлөвлөгөөнийхөө талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний сайд Д.Зоригт Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт хэрэглэж буй цахилгаан эрчим хүчнийхээ 20 орчим хувийг ОХУ, Хятад улсаас авдаг,  олон жил удааширсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжээгүй, хэрэглэгчдийн зарцуулж байгаа цахилгаан дулааны үнийг  төрөөс зохицуулж  ирсний улмаас станцууд, дамжуулах түгээх сүлжээ алдагдалтай ажиллаж байгаа, алдагдалтай ажиллаж байгаагаас энэ салбарынхан техник технологийн шинэчлэлээ хийж чадахгүйд хүрснийг мэдээллийнхээ эхэнд дурдсан юм.  Салбарын сайдын мэдээлснээр өнөөдрий байдлаар 144 төгрөгийн  өртөгтэй цахилгааныг 122 төгрөгөөр борлуулж, 1квт цаг тутамд 22 төгрөгийн алдагдал хүлээж, 2014 оны байдлаар энэ салбар 68.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Эрчим хүчний хэрэглээ  байнга нэмэгдэж 2014 оны байдлаар 6.7 тэрбум квт цаг эрчим   хүч хэрэглэсний 5.3 тэрбумыг дотооддоо, үлдсэн 1.4 тэрбумыг  БНХАУ, ОХУ-ын эрчим хүчний системээс  худалдаж авчээ. Зөвхөн өнгөрсөн  онд гэхэд цахилгаан хэрэглэгч өрх, аж ахуй нэгж 35 мянгаар, дулааны хэрэглэгч 40 мянгаар нэмэгджээ.

Нөхцөл байдал ийм байгаа учир цаашид дорвитой, шийдэмгий  арга хэмжээ авахгүй бол өсөн нэмэгдэх хэрэглээгээ хангахад эх үүсвэрийн болон аваарын нөөцийн  дутагдалд орох, гадаадаас авах эрчим хүч улам нэмэгдэх, цахилгаан дамжуулах үйлдвэрлэх, түгээх сүлжээ   чадамжгүй болох, уул уурхай, барилга, хот байгуулалт, боловсруулах үйлдвэрийг боомилох, стратегийн чухал  ач холбогдолтой салбар гаднаас хараат болох зэрэг эрсдэл байсаар байгааг Эрчим хүчний сайд Д.Зоригт онцоллоо. Тиймээс Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-аас гаргасан шийдвэрийн хүрээнд бүтээн байгуулалтын дорвитой ажлууд эхлүүлээд явж байгааг дурдлаа. Тухайлбал 2014 оны зургадугаар сард ТЭЦ-3-ийн  50 мвт-ын өргөтгөл, Дулаан цахилгаан станц-3-ийн 9-р зуухны сэргээн босголт 2-р сард дууссан, ТЭЦ-4-ийн 123 мвт-ын генераторын өргөтгөл 3-р сарын эхээр сүлжээнд холбогдсон, Амгалан ДЦС-ын 2015 оны 6-р сард ашиглалтад орж ирэх намар гэхэд Улаанбаатарын зүүн хэсгийн хэрэглэгчдийг дулаанаар хангана. “Амгалан” ДЦС-ын ажил нь 95 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Хэдийгээр станцын өргөтгөл нэмэгдэж байгаа ч  станцаар гарсан дулааны хэрэглэгчдэд түгээх дулааны шугам хоолой, цахилгаан дамжуулах, түгээх   шугам сүлжээг  барих шаардлага гардаг.  2014 онд  220 квт-ын 169 км  шугам 2 дэд станц, 110 квт-ын 107.7 км шугам  2 дэд станц, 35 квт-ын 192.4  км цахилгаан дамжуулах шугам, 10-15 квт-ын 161.2 км шугам, 5-10 квт-ын кабель   шугам зэргийг төсвийн хөрөнгө, Дэлхийн банкны санхүүжилтээр хийж хэрэгжүүлжээ.

Эрчим хүчний салбарын хувьд 2015, 2016 он хариуцлагатай жил  байх нь.улсын  төсөв Хөгжлийн банкны санхүүжилтээр 88 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр төлөвлөжээ. Энэ нь харьцангуй бага ажил хийх хөрөнгө учир гол ажлуудыг хувийн хэвшлийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн талаар салбарын сайд мэдээллээ.

Одоогийн байдлаар Монгол Улсын  төв, өмнөд бүсийг  эрчим хүчээр хангах олон жил яригдсан  ТЭЦ-5, Багануурын цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцуудын ажил ид өрнөж, бэлтгэлээ хангаж байна. Үүний зэрэгцээ нар, салхины  эх үүсвэрээр станц барих ажлыг концессоор барих яриа хэлцэл хийгдэж эхэлжээ.

Эрчим хүчний салбарт 2015 онд үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах зорилт болгожээ. Энэ хүрээнд  17 тэрбум төгрөгийн  хэмнэлт гаргах төлөвлөгөөтэй   байгаа аж. Мөн Эрчим хүчний яам Эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг боловсруулахаар ажиллаж байгаа гэнэ.


Энэ үеэр Эрчим хүчний сайд Д.Зоригтоос сэтгүүлчид сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

-Эрчим хүчний үнэ хэдэн хувиар өссөн бэ. Цаашид үнэ  яаж нэмэгдэх вэ?

-2014 оны арванхоёрдугаар сараас эхлэн есөн хувиар өссөн байгаа.  Өнөөдөр 24 мянган төгрөгийн үнэтэй дулааныг 12 мянган төгрөгөөр  худалдаж байна. Тэгэхээр бид эрчим хүчний үнэ тарифийг Эрчим хүчний тухай хуулийн дагуу  үе шаттай нэмэгдүүлэх тооцоо судалгаа хийгдэж байна. Индексжүүлэлт, чадлын тариф, ногоон тариф гэсэн шинэ тариф хэрэглэнэ. Гэхдээ нийт айл өрхийн 70 орчим хувийг эзэлж байгаа  цахилгааны бага хэрэглээтэй айл өрхийн амьдрал, ахуй орлогод нийцсэн тарифийг мөрдөнө гэсэн бодолтой байна. Харин эрчим хүчийг асар их хэмжээгээр хэрэглэж байгаа үйлдвэр, аж ахуйн газрын  тарифыг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Ингэж байж эрчим хүчний  үр ашигтай хэрэглээ бий болж, алдагдал арилна. Ялангуяа Монгол Улсад хөрөнгө  оруулалт хийх гэж байгаа  хүмүүст  үнэ тариф талаасаа санхүү хөрөнгө оруулалтын сайн орчин бүрдүүлэх ажлыг 2015-2018 он хүртэл хэрэгжүүлнэ. 2020 онд станцууд ашиглалтад ороход таатай нөхцөл бүрдүүлнэ.

-Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх талаар ямар бодлого баримталж байна вэ?

-Манай эрчим хүчний салбарын бүтэц үндсэндээ нүүрс ашиглаж дулаан цахилгаан үйлдвэрлэх нь хэт давамгай буюу 96 хувийг эзэлж байна. Харин сэргээгдэх эрчим хүч буюу ус, нар, салхинаас эрчим хүч гаргаж авах нь хоёр хувь байна. Тиймээс бид үүнийг  2020 онд 10 хувь, 2030 онд 20 хувьд хүргэх зорилтыг тавин төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тусгасан байгаа. Энэхүү зорилтод хүрэх эх үүсвэр бол Эгийн голын усан цахилгаан станц. Уг станц нь эрчим хүч нийлүүлэхээс гадна манай эрчим хүчний оргил цагийн ачааллын горимын тохиргоог хангах дулааны цахилгаан станцтай хосолж ажиллах чухал үүрэгтэй.

-Манай улс өнгөрсөн онд хэдий  хэмжээний эрчим хүч  гаднаас импортолсон бэ?

-ОХУ-аас  авч буй эрчим хүчний үнийг манай систем өөрсдөө төлж байгаа. Өнгөрсөн онд 50 орчим тэрбум төгрөг төлсөн.

БНХАУ-аас авч буй эрчим хүчний үнийн 98 хувийг Оюутолгойгоос төлдөг. Өнгөрсөн онд 999 сая кт цаг эрчим хүчийг Оюутойгойн хэрэгцээнд ашиглахаар импортлосон. Энэ нь 100 орчим сая доллар болж байгаа. Бид жил бүр энэ хэмжээний мөнгөөр эрчим хүч худалдан аваад байвал хэд хэдэн цахилгаан станц барих мөнгийг гадагшаа гаргаад байна гэсэн үг.

-Одоогоор хичнээн мвт хүчин чадалтай станц суурилагдаад байгаа вэ?

-1100 орчим мвт байна. Бид таван жилийн дараа гэхэд 2000 мвт, нөөцийн 400 мвт хэрэгтэй. Тиймээс одоо байгаагаас нэг дахин илүү эрчим хүч үйлдвэрлэх станц барих шаарлагатай байгаа.

-Цөмийн эрчим хүчний асуудал ямар бодлого баримталж байна вэ?

-Цөмийн эрчим хүчний асуудалд 2030 он хүртэл төлөвлөсөн зүйл байхгүй байна. Учир нь манай улсад эрчим хүчний өөр эх үүсгэвэр хангалттай байна гэж үзэж байгаа.

-Эгийн голын усан цахилгаан станцын ажил ямар түвшинд явагдаж байна вэ?

-Энэ бол бараг 1990 оны үед баригдах гэж байсан станц. Тиймээс бид дахиж техник эдийн засгийн үндэслэлийг нь францын нэр бүхий компаниар хийлгэсэн. 315 мвт-ын хүчин чадалтай байх нь зүйтэй гэж үзсэн. ТЭЗҮ шинэчлэж, байгаль орчны нарийвчилсан шинэчилсэн үнэлгээнүүд хийгдэж батлагдсан. Орон нутгийн иргэдтэй уулзаж ойлгоцсон. Мөн станц баригдах газар тавигдах зам, цахилгааний шугам сүлжээний зураг төслүүд хийгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, ажил эхлэх бэлтгэл бүрэн хангагдсан. Харин БНХАУ-аас авах зээлээ шийдчихвэл энэ зунаас эхлэн цахилгааны шугам, замын ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Уг станцыг барих ажил өмнө яагаад гацсан юм бол?

-Хөрөнгө мөнгөний боломж бололцоо байхгүй байсан. Мөн байгал орчны талаас маш их эргэлзээ байлаа. Харин өнгөрсөн хугцаанд усан цахилгаан станц нь байгаль орчинд эерэг нөлөөтэй, загас, амьтад хор нөлөөгүй гэдэг нь батлагдсан. Тиймээс иргэдтэй ойлголцолд хүрч чадсан. Ингээд 2016 онд уг төслийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Багануурын цахилгаан станцын ажлын талаар мэдээлэл өгнө үү?

-Зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ, газрын асуудлууд бүгд шийдэгдсэн байгаа. Засгийн газрын хуралдаанаар концессын гэрээгээр байгуулагдах эрх олгогдож, гэрээгээ байгууллаа. Үүнийг дагасан 10 орчим гэрээний ажил хүлээгдэж байгаа. Ингээд ажил хэвийн явагдах юм бол энэ станцын барилгын суурийн ажил энэ намартаа багтаж эхэлнэ.

С.ОТГОНСҮРЭН


Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд