2030 он хүртэл атомын эрчим хүч, цөмийн реактор ашиглах төлөвлөгөө огт байхгүй


"Эрчим хүч ба хийн зах зээл-Монголд боломж бий юу" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явагдлаа. Эрчим хүчний сайд Д.Зоригтод хаяглан ирсэн асуултуудад дараахь хариултыг өглөө.

-Монголоор хийн хоолой дайран өнгөрөх талаарх хэлэлцүүлэг боллоо. Энэ ер нь хэр боломжтой вэ?

-Энэ бол том боломж байсан. ОХУ болон Хятадын хийн хоолойн асуудал маш олон жилийн турш яригдаж байж энэ жил шийдэгдсэн. Монголын талаас бол санал хүсэлтээ илэрхийлж байгаа. Зүүн талаар баригдах хийн хоолойн ажил эхэлсэн бол баруун талаар одоо шийдэгдэж байх шиг байна. Төмөр зам, транзит авто зам, хийн хоолой, цахилгаан дамжуулах хоолойг Монголоор дамжуулбал илүү зардал хэмнэж, ойр дөт байна гэдгийг хоёр орнуудад байнга ярьж байгаа. Судлаж байгаа л гэсэн хариу өгдөг. Эрхүү, Красноярскийн эрчим хүчний сүлжээ илүүдэлтэй байгаа учраас Монголоор дамжуулан экспортлох хүсэлтээ байнга илэрхийлдэг.

-Хятадын цахилгааны дундаж үнэ бага юм аа. Монгол улсад экспортлох боломж бий юу?

-Судлах хэрэгтэй. Хамгийн чухал зүйл нь үнэ тариф. Эрчим хүчний үнэ өрсөлдөх чадвартай, найдвартай ажиллагааг хангасан байх ёстой. Эрчим хүчний үнийг бид цаашид зэх зээлийн гольдролд нь оруулна гэж бодож байгаа. 2014 онд эрчим хүчний үнэд гурван удаа өөрчлөлт орсон. Энэ онд ч гэсэн үнийн өөрчлөлт хийнэ. Эрчим хүчний тарифыг энэ жилээс анх индексжүүлдэг тогтолцоонд орсон. Ногоон тарифыг бас нэвтрүүлнэ.

-Увс аймагт барих цахилгаан станцын ажил ямар шатанд явж байгаа вэ?

-60 мвт-ын цахилгаан станц барихаар төлөвлөлтийн шатанд байгаа. ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхлэхээр болсон.

-Шүрэнгийн болон Эгийн голын цахилгаан станц барихад гарах байгаль орчны нөлөөлөлтэй холбогдуулан ОХУ-ын зүгээс эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Шүрэнгийн цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулах ажил дөнгөж эхэлж буй учраас хараахан болоогүй. Эгийн гол хувьд ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ хийгдэж дууссан. Энэ станцуудын хувьд ОХУ-ын Засгийн газар, яам, холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтарч олон шатанд яригдаж зөвлөлдөж байгаа. Саяхан ОХУ-ын Байгаль орчны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ирж мэдээлэл солилцоод явсан.

-Ураны орд газраа түшиглэн атомын цахилгаан станц барих боломж нөхцөл бий юу. Стратегийн төлөвлөгөөний талаар?

-2030 он хүртэл Монгол Улс атомын эрчим хүч, цөмийн реактор ашиглах төлөвлөгөө огт байхгүй. Нүүрс, нар, салхины эрчим хүчний хангалттай нөөц бололцоо Монгол Улсад хангалттай бий.

-Метан хийн ашиглалтын төсөл ямар төвшинд байгаа вэ. Илэрсэн нөөц?

-Зөвхөн судалгаа, эрэл хайгуулын шатанд байгаа. Таван толгойн орд хавийн бүс нутагт хайгуулын анхан шатны ажлууд өнгөрсөн жилээс хийгдсэн. Метан хийн нөөц тодорхой хэмжээнд байна гэж үзэж байгаа. Метан хийн нөөцийг 5-10 триллион куб.метр байх бололцоотой гэж Олон улсын судалгааны байгууллага тооцоолж буй.

-Салхин станцын ирээдүй хэр байна вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний хуулиар бид салхин станцад дэмжлэг үзүүлж байгаа. Урамшуулал бүхий боломжийн тарифууд байдаг. Урт удаан хугацаанд 10 жилийн тогтвортой байдлын хуулийн заалттай. Ийм ч учраас нар, салхи, усан цахилгаан станцад хөрөнгө оруулах хүсэлтэй компаниуд олноор нэмэгдэж буй. 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчээ 10 хувьд хүргэнэ. Анхны 50 МВт-ын станц хоёр жилийн өмнө ашиглалтанд орсон. Тодорхой хүндрэлүүд гарч ирсэн ч бид эрхзүй болон бодлогын хүрээнд дэмжиж давж гарах болно.

-Манай дотоодын станцуудын хэрэглээ хэр байгаа вэ?

-Хуучирсан станцууд ажиллаж байгаа. Эрчим хүчний дотоод хэрэглээ дунджаар 15-20 хувь байгаа нь өндөр тоо. Станцуудыг шинэчлэл хийхийн зэрэгцээ ТЭЦ-5, Багануур зэрэг сүүлийн үеийн техник технологи бүхий цахилгаан станцуудын гарааг эхлүүлэх болно.

-Эрчим хүчний экспортын үнийн төлөвийг хэлж өгнө үү?

-Харамсалтай нь одоо би үүнийг хэлж чадахгүй. Хамгийн гол нь Монголд баригдах станцууд техник технологи, үнийн хувьд өрсөлдөх чадвартай байх ёстой.

-Шинээр баригдах цахилгаан станцуудыг эрэмбэлж хэлнэ үү?

-Төвийн эрчим хүчний салбарт чухал шаардлагатай цахилгаан станцыг түрүүлж нэрлэе. ТЭЦ-5, Багануур, Тавантолгойн цахилгаан станц, Бөөрөлжүүт бол нэгдүгээр хэсэгт орно. Зүүн болон баруун аймгууд эрчим хүчний дутагдалтай байгаа учраас Тэлмэн, Увсын 60МВт-ын цахилгаан станцыг юун түрүүн бодлогоор дэмжинэ.

-Ирээдүйд эрчим хүчний санхүүжилтийг хэрхэн шийдэхээр төлөвлөж байгаа вэ?

-Хувийн хөрөнгө оруулалтаар барихыг дэмжинэ. Засгийн газраас тэр бүр боломж байхгүй. Эрчим хүчийг түгээх, худалдах талдаа хувийн бизнес голлож, Засгийн газар дамжуулах тал дээр өмчлөлөө хадгалах болно.

-Нүүрсний хайгуулын зөвшөөрөл УУЯ-нд, эрчим хүчний нүүрсийг ЭХЯ, нүүрсний боловсруулалтын асуудлыг Аж үйлдвэрийн яам хариуцаж тал, талд тарчихсан байх юм. Нэг газраа зангидах боломж бий юу?

-Засгийн газар өөрчлөгдөх бүрт л энэ асуудал үүсээд байгаа. Төрийн бодлого, залгамж халаа, уялдаа холбоо муу байгаагийн шинж. Түлшний салбар, эрчим хүчтэйгээ нэг газраа уялдах нь зөв гэж би боддог. Нүүрс бол эрчим хүчний гол эх үүсвэр шүү дээ. Өөр, өөр яаманд байлаа гээд тал, тал тийшээ харчихдаг гэж бодож болохгүй. Засгийн газар дээрээ очоод нэг зангилагддаг юм шүү.


Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд