Захирлын мэндчилгээ

Манай байгууллагын цахим системд зочлон байгаа Эрхэм Танд баярлалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 51 дүгээр тогтоолоор Эрчим хүчний яамны харъяа Эрчим хүчний хөгжлийн төв байгуулагдсан.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 308 дугаар тогтоолоор баталсан “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын дүрмийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрчим хүчний хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь эрчим хүчний салбарт улсын төсвийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавих, эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, дүгнэлт гаргах, эрчим хүчний хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгох, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар мөн” гэж тодорхойлсны дагуу энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 63 тоот тогтоолоор батлагдсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”(2015-2030), Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 325 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр (2018-2023)”-т тусгагдсан “Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын овортой 2 хэлхээт 260 км ЦДАШ, 220 кВ-ын дэд станц барих”, “ДЦС-4- ийн турбингенератор (№1-4)-ийг шинэчлэх”, “Эрдэнэтийн ДЦС-ын хүчин чадлыг 35 мВт-аар өргөтгөх”, “Дарханы ДЦС-ын хүчин чадлыг 35 мВт-аар өргөтгөх”, “Чойбалсангийн ДЦС-ын хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх” зэрэг эрчим хүчний салбарт өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг найдвартай, тасралтгүй, тогтвортой хангахад, салбарын хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдэд захиалагчийн хяналт, зураг төслийн магадлал хийн ажиллаж байна.

Цаашид Эрчим хүчний салбарыг эдийн засгийн суурь салбарын хувьд түрүүлж хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээ, салбарын хэтийн хөгжилд манай хамт олон өөрсдийн мэдлэг,чадвараа дайчлан ажиллах болно. Эрхэм Таныг манай байгууллагын цахим хуудасны байнгын зочин төдийгүй бидний эрхэм түнш, дотны зөвлөгч байж хамтран ажиллахыг хүсье!

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨҮГ-ЫН ЗАХИРАЛ Я.НЯМЖАРГАЛ